Бодол
Би бодол бодлын манан дунд төөрч амьдарнам
Би бодол бодлын манхан дунд бэдэрч амьдарнам
Би бодол бодлын эргүүлэгт живж амьдарнам
Би бодол бодлын харгуйгаар тэнүүчилж амьдарнам
Бодол чи намайг хааш нь чангааж
Бодол чамайг би хааш нь татна вэ?
Бодсон бодлыг минь хэн ч булааж авахгүй
Бохирдсон таваг шиг угаачихаж чадахгүй
Надад байгаа ганц эрх чөлөө
Надаас авахгүй ганц баялаг аа миний бодол
Өөртөө байгаагаас ихийг бодвол мөрөөдөл болно
Өрөөлд байгааг авахсан гэж бодвол шунал болно
Өөрийн болоод бусдын үйлдлийг дүгнэж цэгнэвэл эргэцүүлэл болно
Өөр шинийг хийхсэн гэвэл хүсэл болно
Өнөөдөр маргааш амжуулнаа гэвэл төлөвлөгөө болно
Өөрийн сэтгэхүйд зураг зурвал төсөөлөл болно
Би юуг ч бодож болноо, миний л эрх чөлөө
Би юуг ч төсөөлж болноо, миний л эрх чөлөө
Би юуг ч мөрөөдөж болноо, миний л эрх чөлөө
Би юуг ч эргэцүүлж болноо, миний л эрх чөлөө
Бодол санааны бяцхан атлаа агуу том ертөнцдөө
Боол нь байх уу Хаан нь байх уу бас л миний л эрх чөлөө